ШУТИС-ийн “Геодези” хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдэв
2017-11-30

ШУТИС-ийн “Геодези” хөтөлбөр олон улсад

магадлан итгэмжлэгдэв.

 

2017 онд ХБНГУ–ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./-аар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Геодези” хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ. ШУТИС-ийн Геодези хөтөлбөрийн хамт олонд 2017 оны 9 сарын 06-ны өдөр БСШУС-ын сайд бөгөөд БМИҮЗ (Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл)-ийн дарга Г.Чулуунбаатар олон улсад магадлан итгэмжлэгдсэн батламжийг гардуулав.

 

 

Олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэнээр “Геодези” хөтөлбөрөөр төгсөгчдийн боловсролын баримт бичгүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид маань олон улсад магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудад ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцах, эзэмшсэн мэргэжлээрээ гадаад улс оронд ажиллах боломж нээгдэж байгаа.

 

 

1980 оноос ШУТИС нь “Геодези” мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнээс хойш 2012 онд дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын үнэлгээгээр геодези мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг үнэлүүлж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдэн гэрчилгээ авсан.

Манай хамт олон сургалтын үйл ажиллагаагааг гадаад улс орны сургалтын үйл ажиллагаатай нийцүүлэх, тэдгээр байгууллагуудтай харилцан итгэлцэх, улс улсын сургалтын хөтөлбөрүүдийг хүлээн зөвшөөрөх ажлын хүрээнд 2013 оноос олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлыг эхлүүлсэн. 2017 оны 9 сард Герман улсын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага нь “Геодези” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг магадлан итгэмжлэхээр ASIIN  байгууллагаас доктор, профессор шинжээчдээс бүрдсэн магадлан итгэмжлэх баг ШУТИС-д ажилласан. Шинжээчдийн баг “Геодези” мэргэжлээр бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлж буй багш, профессорууд, сургалтын албаны ажилтнууд, суралцаж буй оюутан залуучуудтай биечлэн уулзаж, сургалтын бүхий л үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, сургалтын орчин, анги танхим, номын сан, эрдэм шинжилгээ, сургалтын зориулалттай лабораториудыг үзэж сонирхсон. Шинжээчдийн багийн гишүүд ШУТИС-д ажиллаж, сургалтын үйл ажиллагаатай бүрэн танилцаж судалсаны үндсэнд “Геодези” мэргэжлээр бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хамт олны хөдөлмөр, ажлын үр дүнг өндрөөр үнэлж манай хамт олонд  магадлан итгэмжлэлийн гэрчилгээг олгосон.


      

                 

 

 

 

ШУТИС-ийн ГУУС-ийн геодезийн

салбарын эрхлэгч Д.Оюунцэцэг