Судалгааны тэтгэлэгт төслийн хүрээнд АШУҮИС-ийн судлаач Япон улсад илтгэлээ танилцууллаа
2017-11-30

 “Эмгэг судлал, лабораторийн нийгэмлэгүүдийн дэлхийн холбооны 29 дүгээр чуулган” (WASPaLM2017) 2017 оны 11 сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Чуулганд Монгол, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Индонез, Сингапур, Тайланд, Энэтхэг, Малайз, Нигер, Турк, Уругвай, Словянь, Герман, Грек, Итали, Швейцарь, Болгар, Дани, АНУ, Канад, Бразил, Мексик, Австри улсын эрдэмтэн, судлаач нар оролцсон. Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO), Азийн Эмгэг судлал, Лабораторийн Анагаах ухааны нийгэмлэг (ASCPaLM), Олон Улсын Эмнэлзүйн Биохими, Лабораторийн Анагаах Ухааны Холбоо (IFCC), Ази, Номхон далайн бүсийн Эмнэлзүйн Биохими, Лабораторийн Анагаах Ухааны Холбоо (APFCB), Америкийн Эмнэлзүйн Химийн Ухааны Холбоо (AACC), Японы Лабораторийн Анагаах Ухааны Нийгэмлэг (JSLM),  Японы Анагаахын Техникчдын Холбоо (JAMT) зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагууд оролцож, тус тусын дэд симпозиумыг зохион байгуулсан. WASPALM2017 нь дөрвөн өдрийн турш нийт 17 дэд симпозиум бүтэцтэйгээр зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг эрдэмтэд эмгэг судлал, лабораторийн анагаах ухааны шинэ ололт амжилт, одоо тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхээс гадна хавдар судлал, мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин, зөнөгрөл, спортын анагаах ухаан, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний ололтуудыг танилцуулсан томоохон хэмжээний, өндөр ач холбогдол бүхий чуулган байлаа.

Чуулганы гурав дах өдөр Шилдэг илтгэлийн хуралдаан болж олон улсын 44 шилдэг илтгэл хэлэлцүүлсэн. Чуулганд Д.Ганчимэг судлаач Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн "Хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар ба HLA полиморф хэлбэршил" төслийн “Hepatitis B, delta virus superinfection and HLA-DP polymorphism in Mongolians” сэдэвт үр дүнг танилцуулсан. Илтгэлийг 6 минутанд танилцуулж, 3 минутын хугацаанд асуултанд хариулсан. Олон улсын судлаачид хепатит дельта вирүсийн талаар нилээн сонирхож, уг вирүсийн халдварын тархалт Монгол оронд онцгой их байгаа байдлыг популяцийн генетиктэй холбон судласныг сайшааж, цаашид үргэлжлүүлэн судлахыг зөвлөсөн.