АХМАД БАГШ НАР БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2015-09-09

Монголын ахмад багш нарын холбооноос БСШУЯ-аас хэрэгжүүлж буй "Боловсролын цөм хөтөлбөр"-ийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Энэ хичээлийн жилд БСШУЯ-аас сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургуулийн өмнөх болон дунд боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, багшийн хэрэгцээнд үндэслэн танхимын ба зайн сургалтыг явуулах, хүүхэд бүрийг хөгжүүлэх, суралцагчийн авъяас чадварт тулгуурлан мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг ажлыг тусгасан. Ахмад багш нар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэддэг чаддаг бүхнээрээ туслахаа амлав.

Ахмад багш нар гэрээр харах үйлчилгээнд мэргэжлийн багш нарыг авч  ажилуулах шаардлагатайг сануулав. Мөн оюутныг хичээлийн хажуугаар ажиллах боломж нөхцлөөр хангах, залуусыг  архи, тамхи, мансууруулах бодис, интернэт тоглоомд донтолтоос сэргийлэх олон талт ажлыг өрнүүлэх хэрэгтэйг ч хэлж байв.
МАБНХ-ны  Удирдах зөвлөлийн гишүүн боловсрол судлалын магистр А.Нармандах “Залуу үеийг сургахдаа замбараагүй их мэдээллээр дүүргэх биш, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд анхаарах нь чухал. Би 43 жил Боловсролын салбарт ажилласан. Хүүхэд харах үйлчилгээг мэргэжлийн бус хүмүүс явуулж буйд их сэтгэл зовж байна. Хүүхдийг харж саатулахаас гадна хүн болгож төлөвшүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг дахин дахин хэлэх байна"гэв.  

2015-2016 оны хичээлийн жилд ЕБС-д  762,  цэцэрлэгт 1171, МСҮТ 85, их дээд сургуульд  180.000 оюутан суралцана.
Г.Уянга
olloo.mn