ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ЭСЭРГҮҮЦЭЛ ЗАРЛАЛАА
2015-09-09

Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарын гаргасан тушаалыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тодруулбал Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 10-наас эхлэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэхээр болжээ.  Харин үүнийг нь ажилчид болоод оюутнууд эсэргүүцэж байгаа аж. Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг тушаалаа эргэж хартал тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
 
 Тэдний хэлж буйгаар энэ нь зүйд нийцэхгүй бөгөөд нэг сургуулийг нөгөө сургуулийн харьяанд шилжүүлж нүүлгэснээр багш оюутнууд хохироод зогсохгүй, сургуульд элсэгчдийн тоо буурна гэж үзэж байгаа юм байна.  Мөн “Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Боловсролын яамны зөвшөөрөл болон тушаал шийдвэр огт гараагүй байхад байгууллагын дарга дур мэдэн ийм тушаал гаргасан нь хууль зөрчсөн явдал.  Монгол Улсын их, дээд сургуулиудыг багцлан нэгтгэх төрийн бодлоготой нийцэхгүй байна” гэлээ.  
Б.Сансар
olloo.mn