Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн нэвтрүүлэлтийн ээлжит сургалт боллоо
2020 оны 01 сарын 08

Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем (ДБУМС) нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, түүний харьяа байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага тэдгээрийн хоорондын дээд боловсролтой холбоотой процесс, мэдээллийн урсгал, түүний чанар, хяналт, баталгаажуулалтыг сайжруулах, оновчтой шийдвэр гаргахад туслах удирдлагын систем юм.

Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэх сургалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар сургалтын удирдамж боловсруулан БСШУСЯ-ны ТЗУГ-ын даргаар батлуулан их, дээд сургууль, коллежид хүргүүлсэн. ДБУМС-ийг нэвтрүүлэх ажлын хүрээнд системийн хэрэглэгч болох БСШУСЯ, түүний харьяа байгууллага БМИҮЗ, БЗС, БҮТ, БМДИ, Боловсролын хүрээлэн, их, дээд сургууль, коллежийн ажилтнуудад системд бүртгэл хийх, интеграци хийх, процесс, түүнийг удирдах, баталгаажуулах, нэгтгэх, тайлагнах чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөж сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлж гаргасан.

Удирдамжид заагдсаны дагуу эхний сургалт буюу ДБУМС-ийн нэвтрүүлэлт, Статистик тайлан дээд боловсролын сургалтын байгууллагын хэрэглэгчдэд зориулсан сургалтыг хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 25,26-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын талаарх мэдээллийг их, дээд сургууль, коллежид хүргүүлэх зорилгоор БСШУСЯ-ны ТЗУГ-ын даргын 2019 оны 12 сарын 20-ны 9/10424 тоот албан бичиг гаргаж оролцох хуваарь, хүний тоо, сургалтын удирдамж, хөтөлбөрийг их, дээд сургууль, коллежид мэйлээр, утсаар болон facebook group-ээр тарааж мэдээлэл хүргүүлсэн.

Сургалт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан ба сургалтын нээлт МУБИС-ийн төв байрны 3 давхрын 312 тоот хурлын зааланд эхэлсэн. Системийн дадлага ажлыг тус сургуулийн төв номын сангийн байр, хичээлийн 2-р байрны 5 давхарт 30 компьютер бүхий 4 компьютерийн лаборатори (201А, 201Б, 503, 504)-т хуваан зохион байгуулсан ба дадлага ажлыг ДБУМС-ийн бизнесийн шинжээч Г.Далайцэрэн, М.Мөнхцэцэг, З.Энхжаргал, Ц.Сумъяа нар удирдан явууллаа.

Сургалтад оролцогчид дадлага ажил хийснээр системийн бүтэц, ажиллах зарчимтай танилцаж, байгууллага, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, агуулга, суралцагч, багш, ажилтан, дүн үнэлгээ, гадаад боловсрол, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгаа, гадаад хүн, сургалтын орчин, санхүүгийн дэмжлэг, лавлагаа, төгсөлт, дугаар захиалга, төгсөгч, асуулга, хэрэглэгчийн удирдлага, комисс хороо модулийн бүртгэл хийх, процессийн талаар нэгдсэн ойлголттой болж, түүнийг удирдах арга зүй, чадваруудыг эзэмшсэн.

Сургалтад их, дээд сургууль, коллежийн нэгдсэн сургалтын албаны мэргэжилтэн, арга зүйчид, хүний нөөцийн ажилтнууд, нягтлан бодогч, мэдээлэл технологийн ажилтан, номын сангийн ажилтан, судлаач, лаборант, эрдэм шинжилгээний ажилтан, дотоод хяналтын ажилтан, салбар, бүрэлдэхүүн сургуулийн дарга, мэргэжилтэн, арга зүйч, хүний нөөцийн менежерүүд нар оролцсон ба хөдөө орон нутгаас 18 мэргэжилтэн сургалтад хамрагдлаа.

Сургалтын эхний өдөр буюу 12 сарын 25-ны өдөр 127 хүн, 2 дахь өдөр буюу 12 сарын 26-ний өдөр 111 хүн, нийт 81 их, дээд сургууль, коллежийн 238 сургалтын албаны холбогдох хүмүүс оролцсон.

Сургалтад БСШУСЯ-ны ТЗУГ-ын Мэдээлэл технологийн, статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Дүнжиннамдаг, ДББГ-ын мэргэжилтэн О.Янжмаа, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн мэргэжилтэн Ц.Алтантуяа, Р.Хишгээ нар оролцсон ба сургалтыг ДБУМС-ийн багийн гишүүд зохион байгууллаа.