Дээд боловсролын салбарын хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан зөвлөхүүд тайлангаа тавилаа
2020 оны 03 сарын 06

Дэлхийн өрсөлдөх чадварын 2016-2017 оны тайланд дурьдсанаар Монгол улс дэлхийн 138 орноос 38 дугаар байранд, математик, шинжлэх ухааны боловсролын чанараар 40 дүгээр байранд  тус тус эрэмблэгдэж байгаа аж. Энэ утгаараа Монгол Улсын дээд боловсролын салбарыг илүү чанаржуулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал тулгамдаж буй. Түүнчлэн Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгал, үйлдвэрлэлийн технологийн шинэ эрин үед их, дээд сургууль төгсөгчийн хувьд мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн ур чадвар, салбар дундын мэдлэг ихээхэн шаардагдаж байна.

Иймээс сургалтын чанарыг сайжруулах, ирээдүйн мэргэжилтний хөрвөх чадвар, хөдөлмөрийн зах зээлд  шаардагдах ур чадварыг олгоход судлаач, багшийн үүрэг, үр нөлөө улам их болж байна. Учир нь оюутан залуусыг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллах чадвартай, олон улсад өрсөлдөхүйц өндөр мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ёс зүйтэй мэргэжилтэн болгодог дээд боловсролын салбарын эрдэмтэн багш нар нийгмийн өмнө хүндтэй үүрэг хүлээсэн  хүмүүс гэж болно. Тиймээс дээд боловсролын чанарыг сайжруулах, багш бүрт өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгохын тулд, их дээд сургуулийн багшийн хөгжлийн бодлого, цогц чадамжийг тодорхойлон  багшийн стандарт боловсруулах, багшийн үнэлгээний нийтлэг шалгуурыг боловсруулан сургахуйн болон суралцахуйн арга зүй, шинэ технологийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай юм.

Монгол Улсын Засгийн газрын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д нийцүүлэн  Багшийн хөгжлийн тухай хууль, Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, “Багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 145 тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Монгол Улсын дээд боловсролын салбарын хүний нөөцийн хөгжлийн стратеги 2030”-ийг боловсруулсан байна. Энэхүү стратегийг Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Хүний нөөцийн бодлогын зөвлөх Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор П.Бадарч, Хүний нөөцийн судлаач Б.Очирхуяг нар  хийж гүйцэтгэсэн байна. 2020 оны 3 дугаар сарын 6ы  өдөр БСШСЯ-ны 401 тоот өрөөнд эдгээр зөвлөхүүд ажлынхаа эцсийн тайланг танилцууллаа.